ГОВИЙН БОЛОН ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ “БУУРЧ ЦОМ-2025” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН АМЖИЛЛТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

• АЖИЛ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Говийн болон зүүн бүсийн аймгуудын аварга тогооч, зөөгч шалгаруулах “Буурч цом-2025 ” ажил мэргэжлийн ур чадварын уралдааны 2025 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдаж өндрөллөө. Тус арга хэмжээнд 5 аймгийн 150 гаруй тогооч ур чадвараараа өрсөлдөж мэдлэгээ сорьсон арга хэмжээ боллоо. Ур чадварын уралдааны шалгаруулалт 14 төрлийн номинацаар явагдаж, нийлбэр дүнгээр Өмнөговь аймаг тэргүүлж, Шилдэг зохион байгуулалттай аймгаар Сүхбаатар аймаг шалгарч, дараагийн уралдааныг Дундговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
• “ЦАЙНЫ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ: Эрт үеэс уламжлагдан ирсэн Монгол цайны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цайны ёслол” арга хэмжээг зохион байгууллаа. Аймаг бүр нутгийнхаа хөрсөнд ургасан эмт ургамал, онцлог амттангаар баяжуулсан цай, идээ будаагаа урлан засаж, өв соёл, уламжлалаа сурталчлан өрсөлдсөн нь арга хэмжээний онцлох хэсэг байв. Үзэгч олон түмэнд цайны ёслолын уламжлал, утга учрыг танилцуулж, “Гурван сайхан” ууландаа цайны дээж өргөх ёслол, бүжгийн үзүүлбэрийг хүргэн, өглөөний цайны амталгааг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулсан нь олны талархлыг хүлээсэн соёлын арга хэмжээ болж өнгөрлөө.
• МАСТЕР ТОГООЧ НАРЫН БЭЛТГЭСЭН ХООЛНЫ АМТАЛГАА: “Буурч цом-2025” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан мастер тогооч нарын хоолны амталгаа үзэгч, иргэдийн анхаарлыг татав. Тэд амтат ногоотой шөл буюу “Ургацын далай”, мөн плов зэрэг уламжлал, шинэчлэлийг хослуулсан хоолоо бэлтгэн, нийтдээ 1500 гаруй иргэдэд амтлуулан үйлчилж, ажил мэргэжлээ сурталчилсан онцгой арга хэмжээ болж өнгөрлөө. Тус амталгаанд ашигласан хүнсний бүтээгдэхүүн нь говийн хөрсөнд тариалласан хүнсний ногоо, говийн малын мах байсан нь нутгийн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах, хүнсний салбарын үнэ цэнийг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой боллоо.
• МАСТЕР КЛАСС СУРГАЛТ: “Буурч цом-2025” ажил мэргэжлийн ур чадварын уралдаанд оролцогч 150 гаруй тогоочийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мастер класс сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг “Оюутолгой” ХХК болон катерингийн үйлчилгээ эрхэлдэг “BLUEFIN” ХХК хамтран явуулсан бөгөөд бүтэн хонины махыг ангилан ялгах аргачлал, түүгээр ресторан зэрэглэлийн хоолыг хэрхэн шинэлэг, амархан аргаар бэлтгэх талаар зааж, оролцогчдод шинэ санаа, шинэлэг шийдэл олгосон онцлогтой байв.
• ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТОЙ ИДЭЭ УНДААНЫ ҮЗЭСГЭЛЭН: Монгол түмний зочломтгой, сайхан сэтгэлийг илэрхийлсэн орон нутгийн онцлогтой идээ ундааны үзэсгэлэнг “Буурч цом-2025” уралдааны хүрээнд зохион байгуулагдлаа. Аймаг бүр өөрийн нутаг нутгийн уламжлалт идээ, хүнсийг бэлтгэн, зочдоо дайлж, нутаг орноо сурталчлан өрсөлдсөн нь үзэсгэлэнгийн гол онцлог байв. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн орон нутгийн онцлогийг таниулаад зогсохгүй, брэнд хоол, хүнсийг бий болгох, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой байлаа.
Энэхүү арга хэмжээ нь мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх, туршлага солилцох, тогооч, зөөгчдийн хөдөлмөрийн үнэ цэнийг алдаршуулахад онцгой ач холбогдолтой боллоо.
Ерөнхий зохион байгуулагч
✅Өмнөговь аймгийн ИТХ
✅Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар ✅Монголын тогооч нарын холбоо
✅Өмнөговь аймгийн тогоочдын холбоо
Хамтран зохион байгуулагч:
✅Даланзадгад сумын засаг даргын тамгын газар
✅Өмнөговь аймгийн ХХАА газар
✅Өмнөговь аймгийн Политехникийн коллеж
✅BLUEFIN ХХК
✅UNISERVICE SOLIUTION ХХК
✅GOOD CHEF
✅Өмнөговь аймаг ЗАА