Чуулган: Төрийн өмчит компаниудад далайцтай шинэчлэл хийнэ

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчийн 122 компаниас 10 нь шалгуурыг хангаж байна

Үдээс хойшх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлж байна. Эдийн засгийн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна.
2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно.
Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.
Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.
Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.
Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Хуулийн төсөлтэй нарийн танилцсан. Өнөөдөр орж ирэх нь зөв байх. Нөгөө талаарай арай дутуу байна уу. Монголд төрийн өмчит 122 компани ажиллаж байгаагаас 99 нь толгой, 23 нь охин компани. Эндээс 5 нь ашигтай ажилладаг байх.Өнөөдөр эдгээр компаниудад засаглал, худалдан авалт, төлөвлөлт, үр дүн тулгамдаж байна. Хуульд засаглалыг хэрхэн тусгасан бэ?

Эдгээр компаниудаас улстөрчдийг салгах хэрэгтэй. Гурван жил ашиггүй ажилласан компанийг татан буулгана гэсэн. Үүний цаана ашиггүй ажиллуулаад хувьчилж авах санаархал байна уу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-Төрийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулснаараа энэ хууль цаг үеийн шаардлагаараа нэг удаа үйлчилж, хэсэг хугацааны дараа хэрэггүй болж болно. Компанийн хуулиар зохицуулах гэхээр зааглаж өгөхгүй бол төрийн өмчит компаниуд борооны дараах мөөг шиг олширсон. 122 компани гэж байгаа нь зөвхөн тайлан ирүүлж байгаа тоо. Хуулийн этгээдүүд гэхээр 1273 хүрчж байна. Үүний 508 этгээд нь санхүүгийн балансад тайлан илгээсэн. Энд зохицуулалт хийхээс өөр аргагүй. Шинэчилснээр 122 компани 56 болж, статус ойлгомжтой болж, эхний байдлаар 26 тэрбумыг хэмнэнэ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Ашигтай таван компани дээр нээлттэй байдлаар хяналтын систем тогтоож болдоггүй юм бэ?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-Энэ хууль батлагдсаны дараа хуульд заасны дагуу Засгийн газар төрийн өмчит компаниуд дээр баримтлах чиглэл, үүнийг дагуулаад тогтоол оруулна. Аль алийг нээлттэй болгох вэ гэдгийг оруулж, шийднэ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Төсвийн нийт зарлагын хэмжээ ДНБ-ий 35 хувьд хүрч байгаа. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө, зарлагын хэмжээ энэ тооноос дутахгүй байгаа. Нийтдээ төсвийн 70 орчим болж байгаа. Хувийн аж ахуйн нэгжүүдийн топ 100 аж ахуй нэгжүүдийг авч үзэхэд бараг 90 орчим төрөөс олгодог зөвшөөрөл лиценз дээр суурилж бизнес хийж байна. Өнгөрсөн хугацаанд өрсөлдөөнд суурилсан эдийн засгийн сууриа хангалттай бий болгож чадаагүй. Энэ чиглэлээр тодорхой алхам хийж, төсвөө 35 хувь болгон буурууллаа. Энэ хуулийг дэмжиж байгаа. Өөр бусад хуулиар зохицуулж болох байсан ч чадаагүй.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Энэ асуудал дэлхийн улс орнуудад тулгарч, шийдвэрлэж байсан. Эрчим хүч, үндэсний аюулгүй байдлын салбаруудад шууд хувьчлал хийхээс илүү өөрчлөн зохион байгуулах нь илүү оновчтой байдаг. Засаглал нь маш оновчтой болно. Бие даасан засаглалд Засгийн газар хэрхэн оролцох заагийг тодорхой болгоно.

Ажлын хэсэг буюу ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл:

-2022 оны УИХ-ын 16 дугаар тогтоолоор үндсэн чиглэлийг баталсан. Засгийн газар жагсаалт баталж, 24 аж ахуйн нэгж IPO гаргахаар шийдвэрлэсэн. Хөрөнгийн бирж 34 хувийн нэмэлт хувьцаа гаргаад амжилттай явж байна. Төрийн банк 5.7 хувиа нэмж 20 хүртэл хувиар хувьцаа гаргах юм. Мөн 20 АЗЗА, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн давхар даатгал, Цахилгаан холбоо ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ, Айти парк гэсэн ААН-үүдийг хувьцаа гаргах чиглэл гарсан. Зарим аж ахуйн нэгж бэлтгэл хангаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Энэ хуулийн төсөл их чухал. Төсвийн алдагдал, өрийн асуудалтай шууд холбоотой. Өнгөрсөн 2022 оны байдлаар гэхэд төрийн өмчид компаниудын нийт өрийн хэмжээ 7 их наяд төгрөг байсан. Энэ нь ДНБ-ий 16 хувьтай тэнцүү байсан. Гэтэл олон улсад 7 хувьтай байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэ хууль гарснаар олон улсын төрийн өмчит компаниудад тавигдах шугам үүснэ гэсэн үг. Олон улсын стандарт хангасан компаниудаа авна. Одоо 122 компаниас 10 нь шалгуурыг хангаж байна. Үлдсэн 100 компани шалгуурыг хангахаар ажиллана. Нэгдэж, дүрмээ өөрчилж, үр өгөөжөө сайжруулж, хувьчлагдаж болно. Биднээс хамааралгүй болно. Статус дунд Кувейтын сан гээд байшин байна. Кино үйлдвэр, дуурь болон театр, оёдлын үйлдвэр байна. Энэ бүхнийг “Эрдэнэс Монгол” ХХК-тай харьцуулах боломжгүй.

Энэ хууль батлагдаж статусаа тодорхой болгоно. Хүчээр хувьчлал явуулж, нэгтгэхгүй. Уул уурхайн салбар нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа, уул уурхайн бус нь “Эрчист монгол”-ын харьяа байна. Үүний нэгдсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо хийж, менежментэд оролцохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-2017 онд Ч.Хүрэлбаатар сайд төрийн өмчит компаниудыг ашигт ажиллагаа сайжруулж, татан буулгана гэж баахан ярьсан. Мөн 2021 онд ТӨБЗГ-аас АЗЗА-г хувьчлах нэгтгэх гэж бас ярьсан. Одоо гурав дахь удаагаа хамтарсан Засгийн газраас оруулж ирж байна. Үр дүнтэй явах байх. Нийт 122 компани 64 их наяд төгрөгийн хөрөнгө, 87.900 ажилтантай юм байна. Энэ 2013 оны тоо шүү. Дэлхийн банкнаас хөрөнгийн өгөөж нь тэг төгрөг. Ашигт ажиллагаа 5.9 хувь байна. Яагаад ийм тусгай зөвшөөрөл бүхий ажиллаж байж ашиггүй ажиллаж байна вэ. Энэ томилгооноос болж байгаа юм.

Авлигын судалгаагаар Монгол Улс байнга хойшилж байгаа. Хэт улстөржсөн томилгоо хийж байна. Дээрээс нь би “Эрдэнэс МЖЛ” ХХК руу албан бичиг явуулсан. Танайх 2016 онд хэчнээн албан хаагчтай байж байгаад өнөөдөр хэд болсон гээд ТӨБЗГ-аар дамжуулан асуулгахад нууц гэдэг хариу ирсэн. Ичиж үхмээр тоо гарч байгаа. Би дотроо мэдээлэл авсан байгаа. Баталгаажуулах гэж асуулга явуулсан. Сонгуульд ажилласан хүмүүсээ төрийн өмчийн компаниуд руу “чихдэг” болсон.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Би Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна. Залгуулаад хэлж байна гэж бодоорой. Маш даруухнаар хэлж байна. Монголын авлигын индексийг гурван зүйл хойш татаж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдал. Үүнээс улс төрийн намын санхүүжилт яригддаг. Шийдвэр гаргалгүй олон жил явж ирлээ. 14 мега төслөөс дутахааргүй төсөл. Гал тогооноосоо эхлээд төр оролцоогүй салбар байхгүй. 1-2 компаниа дэлхийн зах зээлд гаргах ёстой. Эдгээр компаниудын нийт орлого 23 их наяд төгрөг бөгөөд 17 их наядыг урсгал зардалд, таван их наядын ашигтай ажиллаж байна.

Гэхдээ ямар их хэмжээний хөрөнгө барьчихаад 5 их наядын цэвэр ашиг хийж байна вэ гэвэл хангалтгүй. Энэ бүхнийг цэгцлэх цаг болсон.

Төрийн болон орон нутгийн өмчит компанид 58 мянган хүн ажиллаж байна. Зургаан компани олон нийтийн компани болсон байна. Энэ хууль батлагдвал Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс бусад нь компани болно.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-УИХ-ын тогтоолоор олон нийтэд нээлттэй болгох компанийн жагсаалтыг баталсан. Засгийн газраас чиглэл өгөхөд би ЦХХХ-ны сайд байсан. Цахилгаан холбоо ХХК-ийн үнэлгээ 11 тэрбум төгрөг байсан бөгөөд өртэй байлаа. Хувьцаа гаргах гэж байгаа бол бэлтгэлээ ханга гэхэд санхүүжилт байхгүй гэсэн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Хууль зүйн байнгын хороотой  хамтран хэлэлцвэл зүйтэй болов уу. Энд анхаарч өгөөч. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Зарим хүмүүс талийгаач болоход хувьцаа нь өвлөгддөггүй. Энийг захиран зарцуулах эрхийг хүрээ хязгаартай болгож болох уу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-Иргэдэд хувьцааны талаар соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийх ёстой. Ажлын хэсэг байгуулж, мэдээлэл өгч, 1072 хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бэлтгэл хангуулах урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй.  Шууд энгийн хувьцаанд хөрвүүлж, зарж үр гэвэл цаашдаа ногдол ашиг хүртэл эрх ашиг нь хөндөгдөнө. Бэлтгэл ажлыг хангуулах ажлыг эхлүүлнэ. Бид С түвшний олон улсын удирдлагын сайн менежер авахаар нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сарын 7-ны чуулганы хуралдаанаар шийдвэрлэгдээд энгийн хувьцаа гэдэг нь тодорхой болсон. Энэ асуудал хүчин төгөлдөр хуулиараа зохицуулж байгаа. Харин арвижуулж, өвлүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь засгаас хамаарч байгаа. Цаашдаа энд анхаараарай. Амь оруулах буюу иргэн хэрхэн эргэлтэд оруулах вэ?

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Үндэсний баялгийн сангийн хуулийн ач холбогдлоос ялгаагүй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өмчийн асуудлыг УИХ мэддэг байсан бол Засгийн газар мэддэг болгосон заалт орж ирж байна. Тухайлбал компаниудыг татан буулгаж, хувьцааны асуудлыг шийдэхэд ЗГ шийднэ. Тэр битгий хэл төрийн өмчит компани хувьцаа гаргах эсэхийг зөвхөн Сангийн сайд шийдэх гэнэ. Энэ болохгүй ээ. Төрийн өмчийн есөн бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийн гурав нь төрийн албан хаагч байна гэжээ. Ингэж төрийн өмчийг наргиж, Засгийн газрын түвшинд шийдэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж болохгүй. Тиймээс ирэх хаврын чуулганаар хэлэлцэх горимын санал гаргаж байна. Ингэж болохгүй. Ганц сайдын хүрээнд шийддэг байж болохгүй. Чи битгий худлаа яриад байгаарай Н.Учралаа. Хуулийн 15.1 заалтаа хар чи.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдөр энэ хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Мөн яаралтай горимоор хэлэлцээгүй. Анхдагч хуулийн төсөл өргөн барьсантай холбоотойгоор хууль зүйн дүгнэлт 10-15 хоногийн дотор гарах ёстой. УИХ-ын Хууль зүйн хэлтсээс дүгнэлт гаргаж, өнөөдөр байнгын хороо руу орж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэрвээ шийдэгдвэл ажлын хэсэг байгуулагдаж, хаврын чуулган хүртэл хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би саналаа татлаа. Маш нухацтай хэлэлцэх ёстой.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Ц.Даваасүрэн гишүүн олон нийт харж байхад хариуцлагатай зүйл яриарай. Одоо мөрдөгдөж байгаа хуульд бас ийм заалт байдаг шүү. Үнэт цаас, зээл авбал Сангийн сайдаас зөвшөөрөл авч ирсэн биз дээ. Үе үеийн Засгийн газар ийм ажил хийдэг. УИХ-аар хувьцаа гаргахыг хэлэлцэж, шийддэг. Салбарын сайдад дураараа эрх дарх олгоогүй ээ.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-Агуулгын болон найруулгын алдаа байна. Төрийн өмч ард түмний өмч. Энийг сайжруулах үүрэг нь төрийнх. Хуулийг орж ирэхдээ хамтдаа нэг цогц болж ирээгүй юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч гэдэг дээр өнөөдөр хүртэл эргэлзэж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Оюутнуудтай уулзаад орж ирлээ. 100 оюутанд дадлагажих хөтөлбөр зохион байгуулж, “Эдийн засгийн эрх чөлөө” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Эдийн засгаа тэлэх асуудал хамгийн чухал. Олон сорилт туулсан. Хувийн хэвшлийн орон зайг хумисан. Төрийн 230 мянган алба хаагч дээр нэмэгдээд төрийн өмчийн 58 мянган хүн ажиллаж байна. 23.6 их наяд төгрөгийн орлогыг 2023 он д хийсэн бол 2021 онд 10.6 их наяд төгрөгийн орлоготой ажилласан. Хоёр жилийн дотор 13 их наядаар өссөн байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Иргэдийн хардлага төрийн өмчит компаниуд дээр байдаг. Тэндээс хулгай, авлига хууль бус асуудал гардаг. Төрийн өмчит компаниудын нийт активын хэмжээ 2019 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 59 их наяд болж өссөн. 2024 онд 64 их наяд төгрөг болж өссөн байна. Жилээс жилд улам данхайж байгааг илтгэж байна. Засаглалыг нь хараат бус болгох нь чухал. Нийт 122 компани биш 472 хуулийн этгээд байна. Заавал ярих ёстой. “Эрдэнэс Монгол” компанийн харьяаны байгууллагын захирал өөрийнхөө амь насыг 3 тэрбумаар үнэлж, 30 сая төгрөгөөр даатгуулсан байдаг. Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн тайлан маш нууц, зөвхөн Төсвийн байнгын хорооны гишүүдэд тараасан. Энд ямар байр суурьтай байгаа юм бэ?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-“Эрдэнэс Монгол” нэгдэл бол Баялгийн сангийн хууль батлагдсаны дараа шинэчлэлийг сайн хийж байгаа гэж сонссон. Нэгдэл дээр 42 компани байсныг 31 болгож, 269 ТУЗ-ийн гишүүнийг 66 болгосон. Хараат бус гишүүдийг 30-ыг 49 болж нэмсэн. Давхардлыг арилгаж, Баялгийн сан дээр хуримтлал үүсч байна. Нуух зүйл байхгүй. Одоо 50 орчим мэдээлэл ил байгаа. Төсвийн хууль дагуулаад 11 мэдээлэл нэмэгдэж, одоо энэ хуулиар 74 мэдээлэл ил болно. Хэрвээ мэдээлэл ил болоогүй бол даргыг нь шууд чөлөөлнө.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хуулийг дэмжиж байгаа. Нэн яаралтай шийдэх авлига, улс төрийн санхүүжилтын асуудлыг шийдэх гогцоо болно. Дүр эсгэлгүй ажиллаасай. Дундаж давхаргаа тэлэхэд үр нөлөөтэй.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Төрийн өмчит компанид тавигдах ёстой зарчмын заалтыг бие даасан хууль болгож байгаа нь хууль тогтоомжийн системчлэлд нийцэж байгаа юу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль иргэний хууль, компанийн хууль гэсэн хууль тогтоомжоос бүрдэж байгаа. Төр өөрөө хувьцаа эзэмшигч учраас нийтийн өмч гэдгээрээ захиргааны эрх зүйн ойлголт үүнээс гадна хувийн эрх зүйн асуудал хамт орж ирж байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар захиргаа, иргэний эрх зүйг хамтад нь оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Дэмжиж байгаа. Сүүлийн найман жил хоёр парламент дамжин хэлэлцүүлж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай хамт ярих ёстой. Өмчийн хуулийг Засгийн газар оруулж, нэг ажлын хэсэг авч явах ёстой. Би энэ хуулийн шинэчлэлийг УИХ дээр ахалъя. Амбицаа ил хэлье. Би 2016 онд Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байхдаа анх энэ хуулийг Засгийн газар дээр суурь онолын судалгааг хийх ажлыг эхлүүлсэн. Сүүлийн найман жил УИХ дээр ажлын хэсгийг ахалж байсан. Холбогдох судалгааг бүгдийг нь хийж, хоёр удаагийн сонсгол хийж, төрийн өмчийн компаниудад хэрхэн хулгай хийдгийг таньж авсан. Тийм учраас нүх сүвийг яаж бөглөх вэ гэдэг гарц шийдлийг илүү сайн хийж чадна гэж бодож байна. Хоёрт, надад төрийн өмчийн компаниуд дээр ямар нэгэн сонирхол байхгүй. Миний ах дүү, хамаатан садан төрийн өмчийн компанид ажилладагүй. Энд ямар нэгэн бизнесийн хэлцэл хийж байсан намтар түүх байхгүй гэдгээ хэлчихье. Энэ шинэчлэлийг шийдэл, онолын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улс төрийн намуудын зөвшилцлийг хангаж, манлайлж ажиллах саналтай байгаагаа илэрхийлье.