Говь нутагт хамгийн их тулгамдсан усны хомсдолын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчин, ан амьтанд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилготойгоор хөв цөөрөм байгуулах ажлыг орон нутгаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд 9 дэх хөв цөөрмийг Сэврэй сумын Хонгорын голд бүтээн байгууллаа.
Өмнөх жилүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулсан хөв цөөрмүүдийн туршлага дээр тулгуурлан илүү үр дүнтэй байлгахад анхаарч мэргэжлийн хүмүүсийн судалгаа, зөвлөгөөний дагуу энэхүү хөв цөөрмийг байгуулсан байна.
13,200 м.куб эзэлхүүнтэй, 100 тоннын услалтын сантай, дуслын услалтын систем бүхий талбайтайгаар бүтээн байгуулж одоогоор 2000 ширхэг заг модыг тариалаад байгаа юм.
Аялал жуулчлалын бүс нутаг тул аялагчдыг үзэх, амрах нөхцөлийг бүрдүүлэн 57,6 м.куб усан бассейн амрах цэгийг байгуулж байгаагаараа онцлог болж байгаа юм.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат хөв цөөрмийн бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцан цаашдын ашиглалт, хамгаалалтад онцгой анхаарч мод бут, газар тариалан эрхэлж үр ашигтай байлгахад анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.


-32° C
3564.01
0 cэтгэгдэлтэй