Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.БЯМБАЦОГТ:
-Яамдын бүтэц, орон тоо, стратеги, зохион байгуулалтыг хэлэлцлээ. Үндэсний хороог Ерөнхий сайд ахалдаг байсныг өөрчлөх хууль өргөн мэдүүлсэн. Нийт 58 Үндэсний хороог хоёр дахин бууруулна. Яамдын нийт бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог цөөлнө.
Нийт 16 яаманд 138 газар байсан бол 109 болж цөөлж байна, яамдын хэлтсийн тоо 132 байсан бол 77 болгож цөөлөхөөр баталлаа. Яамдын газар, хэлтсийн дарга 270 байсан бол 84-өөр цөөлж 186 болгон бууруулахаар болсон.
Хамгийн олон ажилтан, албан хаагчтай яам дээд тал нь 14 даргатай, цөөн албан хаагчтай яам 10 даргатай болно. Эдийн засаг хөгжлийн яам 28 газар, хэлтсийн даргатай байсан бол 14 болно.
Газартай холбоотой асуудал удаан хугацаанд хүлээгдэж байсан, үүнийг шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа нэгдмэл сангийн асуудал хариуцсан агентлаг ажилладаг. Урьд нь газрын харилцаагаар аймаг, нийслэлийн Засаг дарга, тодорхой асуудал эрхэлсэн яамд хоорондоо зөрчилдөж, газрын харилцааг зохицуулдаг байсан. Тиймээс газрыг нэгдмэл зохион байгуулалтаар зохицуулах шаардлага үүссэн. Гэвч суманд, хороонд иргэдийн өмчлөх газрыг Засгийн газар дээр, Ерөний сайдын төвшинд шийддэг, аж ахуй нэгж байгууллагын ашиглах, эзэмших газрыг Ерөнхий сайдын төвшинд шийддэг хүндрэл , нугалаа гарсныг засаж залруулах зорилгоор аймаг, сум, хотын дарга нь шийддэг байх уян хатан зохицуулалтыг хийж, газрын нэгдмэл сангийн төлөвлөлт зохион байгуулалт, удирдлагын асуудал Засгийн газрын төвшинд яригдана. Газар олгох асуудал хурдан шуурхай шат шатныхаа удирдлагын төвшинд хийдэг байх зохицуулалт хийхээр болсон.
Эрчим хүчний компаниудыг нэгтгэх асуудлыг эхлүүлсэн. Энэ Засгийн газрын баримтлах бодлого бол төрийн албыг цомхон, чадварлаг, оновчтой бүтэцтэйгээр үр дүнтэй бүтээмжтэй ажиллах зохион байгуулалт хийнэ. Төрийн өмчит компаниудыг ийм зохион байгуулалтад оруулна. Энэ хүрээндээ Нийтийн өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдахыг хүлээхгүйгээр төрийн өмчит компанийн давхардал, хийдлийг арилгах, үр ашиггүй зардлыг бууруулах, энэ хүрээндээ алдагдлыг нь бууруулах хүрээнд тодорхой өөрчлөлт хийнэ.
Хамгийн их асуудалтай, алдагдалтай хүндрэлтэй бэрхшээлтэй салбар эрчим хүчний салбар. Эрчим хүчний салбарт маш олон компани үйл ажиллагаа эрхэлдэг. Маш олон давхардсан орон тоо гардаг, үр ашиггүй зардал, ашиг сонирхлын зөрчил их байдаг.
Энэ бүхнийг эхнээс нь өөрчилье гэдэг үүднээс төвийн бүсийн дамжуулах сүлжээнд баруун бүсийн эрчим хүчний сүлжээ буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэх, мөн Алтай,-Улиастайн эрчим хүчний сүлжээ компанийг төвийн бүсэд нэгтгэж, давхардсан чиг үүрэг орон тоо үргүй зардлыг бууруулахаар боллоо.
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвд нэгтгэж давхардсан чиг үүргийг нийлүүлэхээр боллоо.
Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, зураг төсөв, араас нь гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг 2-3 байгууллага хийдэг байсан бол нэг байгууллага хийхээр эхлэлийг тавьж байна. Цааш цаашдаа иймэрхүү байдлаар төрийн өмчит компанийг нэгтгэж илүү цомхон чадварлаг болгох бодлогыг хэрэгжүүлнэ гэлээ.
Б.Жавхлан: Нэг сарын дотор нүүрсний үнэ 120-130 юаниар уналаа

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-2025 оны төсвийн тодотголоор хэлэлцүүлэг эхлээд 7 хонож байна. Өнөөдөр гурав дахь танилцуулгыг хийлээ. Төсөв ерөнхийлөн захирагч нараас санал авч, зохих сайжруулалт хийж ирлээ. Өнөөдөр хэлэлцүүлэг эцэслэсэн. УИХ-д төсвийн тодотголыг өргөн барих эрх зүйн орчин бүрдмэгц мэдүүлнэ. 2025 оны төсвийн хүрээнд тодотгол хийхээр 2025-2026 оны төсвийн төсөөлөл дээр өөрчлөлт орно. Тийм учраас эдгээр өөрчлөлтүүдийг цугт нь өргөн барина.
Би өмнө нь хэлж байсан, 2.3 их наядаар орлого дутах нь гэсэн. Эдгээр тоонууд өдөр өдрөөс өөрчлөгдөж байна. Жилийн эцэст 3.3 их наядаар орлогын гүйцэтгэл дутаж гарах нь гэдэг тооцоон дээр ирж байна.
2025 оны таван сарын дунд хүртэл нүүрсний үнэ унаж ирсэн. Гэхдээ харьцангуй тогтвортой байжээ.
2025 оны тавдугаар сарын 14-н хүртэл нүүрсний үнэ тонн тутамдаа 110 юаниар унасан бол тавдугаар сарын 15-наас хойш 120-130 юаниар ганцхан сарын дотор нүүрсний үнэ уналаа. Тиймээс төсвийн орлогод хүчтэй нөлөө үзүүлэх нь.
Тавдугаар сарын 31-ний байдлаар төсвийн гүйцэтгэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ жил аль болох төсөвтөө гар хүрэхгүй байдлаар зардлаа танаж явсан. Тавдугаар сарын эцэст хүртэл зардлаа 25 хувиар танаж ирсэн, ингэснээр төсвийн алдагдал бага гарсан. Цаашдаа алдагдал бага байх юм бол жилийн эцэс рүү гүйцэтгэл 3.3 их наядаар орлого дутаад энэ хэмжээний алдагдал үүсэээр болж байна. Товчхондоо 3.3 их наядын алдагдлыг бууруулах зардлаа танах хуулийн үзэл баримтлалтай төсвийн тодотгол орж ирнэ гэж ойлгох хэрэгтэй.
Тодотгол хийх хүрээнд гурван зүйлийг бид буцааж зардал талд тавихаас аргагүй болж байна Нэгдүгээрт, ДЦС-III –т гарсан осолтой холбоотой болон дулааны үнийг нэмэхийг хойшлуулсан. Энэхүү шийдвэртэй холбоотой эрчим хүчний салбарт өгөх татаас нэмэгдэж байна.
Эрчим хүчний яамнаас 122 тэрбумыг буцааж тодотголд тавих санал ирснийг хоёр талаасаа суугаад 78 тэрбум болгосон.
Хоёрдугаарт, Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум төгрөг нэмж тавихаар шийдвэрлэлээ. Орхи Дорнодод нөхцөл байдал амаргүй болж дэлхийн 3 дугаар дайн үүсэж мэдэхээр боллоо. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүнд эрсдэлд үүсгэнэ.Манай улсад газрын тосны хомсдол үүсэж болзошгүй учраас нөөцөө зузаатгах шаардага үүсэж байна. Ирэх өвөл хатуу болох хүлээлтүүд үүсэж байна.
Гуравт, олон улсын харилцааны асуудал байна. Бид НҮБ -ын өмнө хүлээсэн үүрэг байна. Ирэх жил КОП-17 -г зохион байгуулах ёстой. Байгаль орчны яаман дээр энэ жил 50 тэрбум төгрөг төсөвт нь тусгасан байсан ч тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг хийж амжаагүй учраас буцааж тавих шаардлага үүсэж байна. Нийлээд 180 тэрбумыг буцаан тавих шаардлага гарч байна.
2025 оны батлагдсан төсвөөс 2.1 их наяд төгрөгөөр зардлаа хэмнэж байна. Цаашаа орлогын дутагдлыг гүйцээх, зардлаа бууруулах болбол бид хүрч болохгүй урсгал зардлууд бий. Хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хөрөнгө рүү бид аль болох хүрэхгүй. Зардлууда эрэмбэлж, тэвчиж болох зардлуудаа танъя, айл өрхийн орлогод гар хүрэхгүйн үүднээс ийнхүү алдагдалтай төсвийг оруулахаас аргагүй болж байна.
Тодотголын үр дүнд 400-500 сая ам.долларын төлбөрийн тэнцэл дээр эерэг нөлөө авч ирнэ. Ингэснээр төлбөрийн тэнцлээс үүдэлтэй төгрөгийн ханш унах, үнийн өсөлт өсөх зэргээс сэргийлнэ.
14 мега төслөөс тавыг нь хойшлуулах шаардлага үүслээ

Эдийн засаг хөгжлийн сайд Н.УЧРАЛ:
– УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг баталсны дараа төсвийн тодотголыг албажуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Зарлагаа 3.3 их наядаар танаж байгаа, тооцоолсон орлого багасаж байгаа учраас төлөвлсөн орлого буурч байгаа. Хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд төр өөрөө бүсээ чангалж, хэмнэлтийг өөрөөсөө эхэлж байна. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүйгээр төрийн албан дахь давхардлыг цөөлөх байдлаар хэмнэлт хийнэ.
Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллаганы хөтөлбөрт суусан 14 төслийг эрэмбэлэх ажлыг нийт 14 аргачлалаар үнэлсэн. 4-5 төсөл үргэлжилнэ, 5 төсөл хөрөнггө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх чиглэлээр урьдчилсан үнэлгээнүүд хийгээд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авна.
Бусад таван төслийг зайлшгүй хойшлуулах шаардлага үүсэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдийг 14 аргачлалаар үнэлээд заримыг нь хойшлуулах шаардлага үүсэж байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, Төсвийн хүрээний энэ удаагийн мэдэгдэлд 2 их наяд орчим төгрөгийн хэмнэлт хийнэ, үндэсний хороо комиссыг татан буулгаж, хурал зөвлөгөөнийг улсын төсвийн санхүүжилтээр хийдгийг зогсооно. Гадаад дотоод томилолтыг хумина гэдгийг ойлгох ёстой. Надмын өмнө зохион байгуулагддаг Эдийн засгийн форумыг өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан. Гадаадын хөрөнгө оруулагч өндөр оролцоотой оролцоно. Гэхдээ энэ жилийн хувьд төрийн бус байгууллагатай хамтраад хувийн хэвшлийн санхүүжилт дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, төр зөвхөн оролцоно. Цаашдаа олон нийтийг хамарсан уулзалт хийхгүй, төсвөөс санхүүжүүлэхгүй байх бодлого барьж ажиллана.

-19° C
3545.08
0 cэтгэгдэлтэй